2011-06-04
төрийн бэлгэдэл
Төрийн сүлдний тухайд 1992 онд ардчилсан Yндсэн хуулийг хэлэлцэж байх үед төрийн сүлдний олон хувилбар байсны дотор авьяаслаг зураач Тэнгисболдын цагаан шонхор бүхий нэгэн загварын талаар зохиогчтой аминчлан зөвшиж аснаа санаж байна. Гэтэл нэгдлийн дарга нар цагаан шонхрыг хонь барьж иддэг махчин шувуу хэмээн гүтгэж билээ. Есүхэй баатар Тэмүжин хүүгээ дагуулан хонгирад иргэнд очих замд Дэй Сэцэн учраад “Цагаан шонхор шувуу нар, сарыг атган миний гар дээр буув” хэмээн Хиад иргэдийн сүлдийг зүүдэлснээ бэлгэшээн худ ураг болсон тухай “Монголын нууц товчоо”-нд гардгийг Ардын Их Хурлын төлөөлөгчдийн дотор үзэглээгүй хүн олон байсан юм болов уу гэж санадаг юм. Тэгээд ч “нэгдлийн дарга нар хонь барьж иддэг болохоос нэг ч хонийг цагаан шонхор зооглоогүй” гэсэн тохуу гарсан байх л даа. Өгүүлэн буй цагаан шонхор бол бэлгэдэл агаад хүмүүн төрөлхтөнд элин халих мөрөөдлийн жигүүр ургуулсан эрх чөлөөний үггүй дуун жигүүртнийг их дээдэс минь өргөмжлөхдеө ухаанаасаа ургуулсан буй за. Цагаан шонхор хэмээх оюуны огторгуйд үзэгдсэн зөн бэлгийн шувуу маань гэнэт “Улс хоршооллын өмч идсэн” яланд унаснаас өдгөөгийн сүлд батлагдсан билээ. Уран сайхны ертөнцөд уурга богино хүмүүс ташуур шилбүүрийг тачигнуулан “Монголчууд морио дээдэлдэг” хэмээн дүрэмдэж морь оруулаад нөгөө мориныхоо сүүлийг годойлгох, толгойг духайлгах зэргээр зааж зурсаар төр, шашин, төвд, монгол үхрийн бөөр нийлүүлснийг хүмүүс мартаагүй. Энэ сүлд эхнээсээ л ой тойнд оролгүй модон морь, бөглөө авагч мэтийн хоч зүүсээр өнөөдрийг хүрэв. Гаднын нэгэн зураач “Танай сүлдийг зурж барахгүй юм байна” гэсэн нь дэндүү нуршааг дооглосон хэрэг л дээ. Алив бэлгэдэл бол утгаас ургасан оновчтой, машид хураангуй илэрхийлэл байдаг бөгөөд удган мод мэт элдэв чимэг зүүлт хэтэрвээс гол санаа бүдгэрдгийг мэргэдийн гэхээсээ мэдэлтний сонорт хүргэе. Yүнийг эс тунгаан сүлдний шинэчилсэн эх загварыг хэлэлцэх аваас нэг хэсэг нь морь шүтэхээ гайхуулж, нөгөө нь мөнгөн агсаргатай дээвэр малгайтай уяач дээр нь залахыг уриалах ч юм уу, ноолуурыхан ямаа, сүүнийхэн үхэр, говийхон Улаан номд орсон тэмээг багтаана гэх тун магадгүй. Бас зарим нь адуу малаас аав ээж эрхэм гэх буюу жендер хэмээх хүйсийн тэнцвэрийг хадгалах ёстой гэвэл яана. Энэ сацуу над мэт нь “Манай даргыг оруулна” гэж зулгуйдаж мэднэ. Мэдэхгүй чадахгүйгээ мартаж мэргэн түргэн болох дуртай хүн надаас эхлээд мундахгүй. Сүүлийн үед гүнгэрваатай соёмбыг сүлдээр залах санал түрж буйгаас үүдэн үзүүр хөөвөөс соёмбо нь санскритээр “Сваямбху” гэсэн буюу “өөрөө ертөнц” гэсэн үг агаад эртний Энэтхэгийн “Махабахрат” хэмээх их туульст Пандавуудын эрхэмлэж байсан зөн билэг гэсэн тайлал сонсов. “Махабахрат” бол манай он тооллын емнө хойтыг дамнуулж нэгэн зуун мянган хос шүлгээр бүтээсэн улс төр, шашин, ёс суртахууны нэвтэрхий толь хэмээн дэлхийн утга зохиолын дэлгэрэнгүй түүхэнд дурджээ. Өндөр гэгээн Занабазар өмнө этгээдэд зорчиж Төвд Жагарын орны номд нэвтрэн гэгээрсний учир “өөрөө харагдсан” хэмээн соёмбо үсгийхээ учгийг татсан байж болно. Бас “Валаватскаягийн номнол” хэмээх номд тонгорсон гурвалжинг Жагарын тайллаар ус хэмээсэнтэй тааралдав. Тийн ахул тонгорсон хоёр гурвалжны дунд арга бэлгийг оршоосон нь өсөх үржихүйн бэлгэдэл ч байж болох мэт. Хүмүүн төрөлхтний соёл иргэншлийн сүлэлдээнд харилцан нөлөөлөл бишгүй нь ялгаж салгаж эзэн онооход төвөггүй болжээ. Хэрэв соёмбыг сүлдээр залахуйд хүрвэл шашин, төрийг хослон баригч Богд хаант бус парламентын засаглалтай ардчилсан улс гэдгийг бодохын зэрэгцээ нөгөө талаас Ойрад халхын улирсан урхаггүй үндэсний эв нэгдлийн цогцыг бодолцоход илүүдэхгүй хэмээн мунхаглана. Yүнийг өгүүлсний төлөө хэн нэгэн хэрдхийн цочиж “номгүй хар лус” хэмээвээс молхи бичээч миний бие Өндөр гэгээний ширээлсэн нутгийн уугуулын хувьд түүнийг бурхан шашны гарамгай зүтгэлтэн, суут уран бүтээлчийн хувьд нь биширч явдгаа ялдамд өчсү. Бидний ужиг гэхээр оёг бол хэлтгийрэл юм. Хорьдугаар зуунд бурхнаа бузарлаж, шашнаа шавхайлснаа умартаад Хоёр нүд аниастай Хормой хөсөр хаяастай Тахилын ширээ сэжлэн Тархиа булартал мөргөж буй нь чин сүжиг, чимэг сэжиг алин болохыг ялгахуйяа бэрхээ Тэнгэрлиг соёмбыг гүнгэрваалж, бадамлаж буй нь үүний нялзвар ч байж магадгүй. Ямар ч бэлгэдлийг сүлдэллээ гэсэн орон зайн хязгаарлал олдмол чимгийг цээрлэлтэй. Монголчуудын дээд өвөг нар, сар, галыг эрхэмлэж асан нь эцэг тэнгэр, этүгэн газрын шүтэлцээ өдөр, шөнийн ээлжинд гэрэлтэн эрт, эдүгээ ирээдүйн холбоонд оршихуйн төгөлдөр бэлгэдлийн хураангуй мөн. х цагаан сүлд нь Yндсэн хуульд туг хэмээгдэн хойморлосон лугаа соёмбо нь анхдугаар Богдтой шүтээний дээдэд заларч түүхийг гэрчлэн мөнхөрч болох бус уу.
Төрийн дууллын тухайд Энэ сэдвээр ам дамжсан явган яриа дуулдах юм, Хэн нэг нь Д.Сэнгээ, Л.Мөрдорж нарын “Эх орон” дууны үгийг ухаж хаяад шинэ үг зоох, нөгөө нь Ж.Бадраа, Ц.Намсрайжав нарын “Халуун элгэн нутаг”-ийг төрийн дууллаар сонгох санаа цухалзуулсан бололтой. Орчин үеийн дууны урлагт эзэдтэйгээ мөнхөрсөн эдгээр бүтээл нь угаас төрийн дуулалд зориулаагүй учир хөндөхгүй юмсан. Төрийн дууллын үгийн хувьд их түүх, эх нутаг, эзэн түмэн, эрх чөлөө, тусгаар тогтнол, ирээдүйн итгэл, ардчилал, терөө дээдлэх язгуур утгыг цогцоор илэрхийлэх ёстой болов уу. Ц.Дамдинсүрэн гуайн үгийн хувьд цаг үеийн сүүдэр бий. “Хувьсгалт улс” нь ардчилсан улс, зөвхөн шударга социалист улстай “хамтран нэгдсэн эгнээг” бус дэлхийн бүх улс оронтой тэгш харилцах болов. Түүнчлэн “Ленин, Сталин, Сүхбаатар, Чойбалсан” гэсэн гуравдахь бадгийг хассан нь бүтцийн бүрдэлгүй болсон юм. Иймээс хуучныг сэлбэх, шинээр үг бичихийн алийг сонгох эрх нь төрд буй. Төрийн дууллын хөгжмийн хувьд миний мэт нь гар богинодож ганзага дутна. Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нараас давж гарахаар ая бүтээвэл дэвж шавж болох биз. Энэ талаар хөгжмийн зохиолчид авьяасын шандсаа чивчлэг л дээ. Хөвдөн дор хөх ногоо ч байгаа юм бил үү. Харин төрийн дуулал нь хүн бүр дуулахаар хялбар байх ёстой гэсэн үг золбирч яваа нь мөчигдөл болуужин хэмээн эмээнэ. Төрийн дуулал бол үндэсний сүр жавхлан, хүсэл зоригийн охь манлай, өргөн цараа гүн бишрэл хүндэтгэлийг агуулсан үндэсний болон найрал хөгжим сэлтэд яруу дуурсалтай, дэлхийн хэмжээнд Монгол Улсыг өвөрмөц өгүүлэмжээр илтгэсэн дуун тунхаг байх учиртай. Монгол төрийн бэлгэдлийг тойрсон олон жилийн ужиг яриаг ямар ч атугай нэг мөр болгон шулуутгах цаг иржээ. Засаж, залруулж болохоор зүйлийг завагт хийж хойшлуулсаар байваас хүн бүхний амнаас уяатай болсон “хүндрэл” гээч хуримтлагдсаар хучин мөхөсдөхөөр нүсэр тээр болохсон билээ.
Бичсэн: Enhtor Erdenesuren | цаг: 18:29 | мэдээлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 18:44, 2011-10-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих




:-)